Та бүгд тавтай морилно уу. : Таних хүний эрэл ба авилга “ Нийтлэл ” бичсэн: Д.Ганхөлөг

Таних хүний эрэл ба авилга “ Нийтлэл ” бичсэн: Д.Ганхөлөг


Таны өдөр тутмын амьдралд аар саар олон асуудлууд тулгардаг. Бие тань өвдөөд эмнэлэгт эмчлүүлэх, хүүхэд тань дунд сургууль төгсөөд дараагийн шатны сургуульд суралцах, амьдралын нөхцлөө сайжруулахын тулд банкнаас зээл авах, хугацаа нь дууссан ямар нэгэн бичиг баримтаа сунгуулах гээд юу эс байх билээ.
Эдгээр асуудлууд тань төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээний ердийн хэлбэрүүд.
Тэд таныг хандсан тохиолдолд үйлчлүүлэгчээ гэж үзэн маш хурдан шуурхай, эелдэг боловсноор үйлчлэх учиртай. Яагаад гэвэл та улсад татвараа төлж , тэд таны төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа учраас. Харин Монголд эсрэгээрээ
бид төрийн ямар нэгэн үйлчилгээ авахыгаа "ажил хөөцөлдөх" гэж нэрлэнэ.
Үйлчлүүлэх бус ямар нэгэн зүйлийн араас нь явах буюу хөөцөлдөж тоглох гэсэн утга илэрч байгаа биз. Эндээс л бүх зүйл эхэлнэ дээ.
Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна.
Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэлтэй хүний эрэлд гарна. Мэдээж таньд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд "санхүүгийн асуудлаа зохицуулах"-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас "гар цайлгана".
Энэ бүхний эцэст аливаа асуудлыг хууль, дүрэм журмаар биш, таньдаг хүн болон санхүүгийн тусламжтайгаар шийдэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч болдгийг "яс махандаа "хүртэл ойлгож мэдэрнэ. Түүгээр ч барахгүй "ажил хөөцөлдөж бүтээх" арвин туршлагаасаа бусадтай сэтгэл харамгүй хуваалцана. Хэрэв ийм боломж танд үгүй бол та төрийн үйлчилгээг хүртэх хувьгүй хүний тоонд орно доо. Асуудлуудын цар хүрээ томрох тусмаа таньдаг хүний нөлөө, санхүүгийн хэмжээ шууд пропорционалаар өснө гэсэн үг. Ийм сүлжээ өчүүхэн жижгээс эхлэн асар том хэмжээгээр Монгол орныг аалзны тор мэт сүлжиж орхижээ. Төрийн албан хаагчид ч энэ бүхэндээ дасч, байх зүйл мэтээр хүлээн авч, 2-догч орлогоороо муугүй амьдарна. Тэгээд ч хашиж буй албаны нэр нөлөө нь зуучлагчийн ажилд бас тохиромжтой.
Гаргаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг тоодоггүй "хэнэггүй зан'', хууль тогтоомж дүрэм журмаа иргэдэд сурталчлан ойлгуулахыг хичээдэггүй ''зальжин зан" энэ бүхний үндэс юм шүү дээ. Бараг бүх хүн, бүх газар аалзны тор мэт бүрхсэн энэхүү авилгалын сүлжээг мэддэг, үүнд оролцдог хирнээ, бүгд дуугаа хураацгааж, хэн нэгэн авилгалын "акулд' баригдан "шонд дүүжлэгдэн', 'шоронд хатаагдах"-ыг хүлээцгээсээр...
Авилга нь Монгол орныг бүрхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч "Авилгатай Тэмцэх Газар" нэртэй төрийн байгууллага байгуулж, бага сага зүйл хийх гэж оролдсоор байна.
Гэсэн хэрнээ авилга авч хууль бусаар баяжсан, төрийн албан тушаалыг ашиглан бизнес хийж ашиг олсон зарим үйлдлүүдийг сөхөж гаргаад, дараа нь нотлогдсонгүй гэж зарлаж байгаа нь ердөө л улс төрийн шоу бас жүжиг. Энэхүү жүжгээр хүмүүс бие биеэсээ "өш хонзон" авч бие биеэ сүрдүүлж бас сэтгэл зүйгээр тоглож байна.
  Энэ шоу болон сэтгэл зүйн тоглоом нь жирийн иргэдэд улам ч их айдас төрүүлж итгэл найдварыг нь унтрааж байна. "Ээдээ энэ байдал ч өөрчлөгдөхгүй байхаа даа. Зүгээр л мөрөөрөө хал балгүй явъя" гэсэн бодлоор, таньдаг хүнээ хайн, санхүүгийн асуудлаа зохицуулан, "ажлаа хөөцөлдөж'' явна.
Монгол улсын иргэд худалдаа, үйлдвэрлэл , үйлчилгээ болон оюуны чадвараараа бизнес хийж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулан, улсад татвараа төлөн, улсын төсвийг бүрдүүлж байгаа. Тэдний төлсөн татвараар санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын төрийн байгууллагууд нь Монгол улсын иргэддээ хууль болон дүрэм журмын дагуу үйлчлэх ёстой төрийн үйлчилгээний байгууллагууд. Тэд иргэдэд хууль тогтоомж болон дүрэм журмыг сурталчлан ойлгуулж, ямар нэгэн танил хүн болон санхүүгийн авилгагүйгээр, чин сэтгэлээсээ, шударгаар бас эелдэг найрсгаар үйлчлэх ёстой. "Үйлчлүүлэгч бол хаан"гэдэг хоосон уриагаар биш жинхэнэ хаанд үйлчилж байгаа юм шиг үйлчлэх ёстой. Үүний тулд иргэд улсад татвар төлдөг юм даа. Дарамтлуулахын тулд бус үйлчлүүлэхийн тулд шүү. Үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд аливаа маргаан, үл ойлголцох байдал гаргахгүйн тулд л хууль , дүрэм журмыг зохиодог юм.

Аливаа зөрчилдөөн маргаантай асуудлуудыг шударгаар шийдвэрлэхийн тулд хуулийг хэрэгжүүлэгч байгууллага ажиллана. Тэгэхээр таньд таньдаг хүн, авилгалын мөнгө бус  хууль дүрэм журам туслах ёстой. тийм цаг хэзээ ирэх нь та биднээс өөрсдөөс минь хамаарах болно.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
admin (зочин)

Та бүгд сэтгэгдлээ үлдээгээрэй...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)